МҮОНРТ-2

09.11 2015

НҮБ-ын ЮНЕСКО-ийн санхүүжилтээр МҮОНТ-ийн хэрэгжүүлж буй “Монгол улсын доторх vндэсний болон хэлний цөөнхөд зориулсан олон нийтийн радио телевизийн 2-р суваг байгуулах төсөл” нь 2011 оны 5-р сард хэрэгжиж эхлэн, MN2 телевиз нь 2011 оны 7 сарын 11-нд нээлтээ хийсэн.
2011 оны 7 сараас 10 сар хүртэл туршилтаар цацалтаа хийж байгаад 10 сарын 29-нд эфирээ орон даяар цацаж эхэллээ.
MN2 телевиз нь үндэсний цөөнхөд зориулсан нэвтрүүлгүүдийг тэдний төрөлх хэл аялгуун дээр бэлтгэн үндэсний онцлогийг харуулж, өв соёл, ёс заншлыг дээдлэн түгээх гэсэн гол зорилготой юм.
Телевизийн нэвтрүүлгийн сүлжээний 30%-ийг үндэсний цөөнхөд зориулсан мэдээллийн хөтөлбөр болон соёл урлаг танин мэдэхүйн теле сэтгүүл эзэлдэг. Казах, тува хэл дээр, буриад аялгаар тус бүр 10 минутын мэдээ өдөр бүр 19 цаг 30 минутаас гарч байна. Мөн казах хэлээр “ТВ Толхын” буюу монголоор “ТВ Долгион”, тува хэлээр “Алдай Хонаш” буюу монголоор “Алтайн буурь”, буриад аялгаар “Тоонто нютаг” буюу монголоор “Тоонот нутаг” теле сэтгүүлүүд 7 хоног бүрийн амралтын өдрөөр тогтмол цацагдаж байгаа. Үүнээс гадна дархад, хотон, баяд, дөрвөд зэрэг бусад үндэсний цөөнхөд зориулсан тэдний ёс заншлын тухай нэвтрүүлгүүдийг бэлтгэж байна.